THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Сэтгэлийн нүд - Сургамжит өгүүллэг

2012 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Миний сэтгэл мянган бээр
Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.
Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.
Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.
“Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.” Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ.
Гэтэл энэ сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналнах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелэнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүийг удаан удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмийн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний яаран ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царайн дээр үүрийн гэгээ туслаа.
Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагч ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

Хайрын бяцхан сорил

2012 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Миний сэтгэл мянган бээр
Та хир дурламтгай вэ? Харилцаандаа тулгарсан асуудлыг хэрхэн шийддэг вэ? Гоолингоогийн бяцхан сорилыг бөглөөд өөрийн хайр сэтгэлд хандах хандлагыг тодорхойлоорой. Асуулт болгоны дараа хариултаа тэмдэглэж авахаа мартуузай

1. Та хайртай найз залуугийнхээ гэрт очихоор болжээ. Машинаа засварт өгчихсөн тул алхаж очихоос өөр арга байсангүй. Тэднийд очих хоёр гудамж бий. Эхнийх нь эгц шулуун зам ба энэ нь таныг маш хурдан түүний гэрт аваачна. Гэхдээ энэ зам зэлүүд, ямар ч сонирхол татах дүр зураггүй, уйтгартай юм. Харин та хоёр дахь муруй замаар явбал түүний гэрт илүү удаан очих боловч, алхаж явахдаа олон сайхан дүр зургийг олж харах болно. Та алингаар нь явах вэ?

2. Алийг нь ч сонгосон бай, таны замд хоёр сарнайн бут харагдана. Нэгдэх нь улаан сарнайны бут. Хоёр дахь нь цагааных. Та найз залуудаа 20 ширхэг сарнай аваачиж өгөхөөр шийджээ. Улаан, цагаан сарнайнаас тус бүр хэдийг авах вэ?

3. Сарнайгаа тэвэрсээр найз залуугийнхаа гэрийн үүдэнд ирлээ. Хонхыг нь дарахад үйлчлэгч эмэгтэй тайлж өгөв. Та өмнө нь түүний гэрт ирж байсан. Гэсэн ч та үйлчлэгчээс найз залуугийнхаа өрөөнд хүргэж өгөхийг хүсэх үү? Эсвэл өөрөө шууд өрөө лүү нь яваад орчих уу?

4. Одоо та хайртынхаа өрөөнд байна. Найз залуу тань эзгүй байгаа бололтой. Та түүнийг гэртээ ирэхэд нь түүсэн сарнайгаараа сюрприз барихыг хүслээ. Сарнайгаа сайхан вааранд хийж цонхны тавцан дээр тавих уу? Эсвэл орон дээр тараах уу?

5. Романтик үдэш өндөрлөлөө. Гэвч та хоёр тусдаа өрөөнд унтахаас өөр аргагүй байлаа. Маргааш өглөө нь босоод, та найз залуугаа сэрсэн эсэхийг шалгахаар өрөөнд нь оров. Тэр үед таны найз залуу унтаж байгаагаар төсөөлөгдөж байна уу, эсвэл аль хэдийн босчихсон байгаагаар уу?

6. Гунигтай ч, буцаад гэр лүүгээ харих цаг боллоо. Таныг гэрт чинь хүргэж өгөх өнөөх л 2 зам өмнө чинь дурайна. Та энэ удаад алийг нь сонгож явах вэ?

Та дээрх асуултнуудад хамгийн гол нь удаан бодолгүйгээр хариулах ёстой. Удаан бодох тусам хүн чин сэтгэлээсээ хариулж чаддаггүй. Харин одоо бүгдээрээ сорилын тайлалыг уншицгаая.

1. Эхний хоёр зам бол таныг хир дурламтгай болохыг харуулж байгаа юм. Хэрэв та богино, эгц шулуун замыг сонгосон бол юунаас ч айлгүйгээр, зоригтой нь аргагүй дурлаж чаддаг. Өөрөөр хэлвэл та хүнд амархан хайртай болдог. Харин урт, муруй замыг сонгосон бол таныг дурлуулахын тулд эр хүнээс нилээд хичээл зүтгэл гарна. Та яаравчлахыг илүүд үздэггүй, харзнаж байж хүнд сэтгэлээ өгөх эсэхээ шийддэг хүн юм.

2. Улаан бөгөөд цагаан сарнай нь таныг хайр сэтгэлийн тал дээр хир өгөөмөр ханддаг болохыг харуулна. Улаан нь таныг хайртдаа хир ихийг өгөхийг хүсдгийг илэрхийлнэ. Харин цагаан нь хир ихийг хайртаасаа хүсэн хүлээж, авахыг хүсдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлвэл та улаан сарнай 12-ыг, цагаан сарнай 8-ыг түүсэн бол өөрөөсөө 60 хувийг зориулж, түүнээс зөвхөн 40 хувийг л авахыг хүсдэг юм байна. Тус бүр 10 ширхэгийг авсан бол та тэгш байдлыг эрхэмлэдэг ажээ.

3. Үйлчлэгч бол та хоёрын харилцаанд оролцох гуравдагч этгээдийг төлөөлж байгаа юм. Хэрэв та үйлчлэгчээр түүний өрөөнд хүргүүлсэн бол, хайр сэтгэлийн тал дээр гарсан асуудлыг шийдэхдээ найзаасаа эсвэл өөр хэн нэг хөндлөнгийн хүнээс заавал заавар, зөвлөгөө авдаг гэсэн үг. Харин өөрөө шууд орчихсон бол, ямарваа маргаан, үл ойлголцол гарахад өөрийнхөө толгойгоор бүхнийг шийдчихдэг бүсгүйн шинж.

4. Та түүсэн сарнайн баглаагаа хаана тавьсан бэ? Хэрэв цонхон дээр тавьсан бол хэн нэгэнд хичнээн хайртай байсан ч, түүнтэй өдөр бүр уулзахыг, цаг мөч тутамд хамт байхыг тийм ч их хүсдэггүй юм байна. Харин орон дээр тараасан бол яаж ийж байгаад түүнтэй орой бүр уулзахыг, дандаа хамт байхыг хүсэж тэмүүлдэг гэсэн үг юм.

5. Таныг гэрт нь очиж хоночихоод байхад, тэр өглөө нь эртлэн боссон байх ёстой байх тийм үү? Ийн бодож байгаа, өөрөөр хэлвэл өрөөнд нь ороход найз залуугаа орноосоо босчихсон байгаагаар харсан бүсгүй хайртай хүнээ өөрийнхөө төлөө өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Түүний муу зан чанар, дутагдлуудыг засахыг эсвэл түүнийг өөрчлөхийг хичээдэг юм байна. Харин өрөөнд нь ороод тайван нь аргагүй унтаж байгаа найз залуугаа харсан бүсгүйчүүд хайртай хүнээ яг байгаагаар нь, өө сэвтэй нь хамт хүлээж авч чаддаг гэсэн үг.

6. Гэр лүүгээ харихдаа аль замыг сонгож байгаа нь, таныг нэг дурлахаараа тэр сэтгэлээ хир хугацаанд хадгалж чаддагийг харуулна. Хэрэв муруй замыг сонгосон бол, нэгэнтээ хайрласан хүнээ зүрхэндээ их удаан нандигнадаг юм байна. Харин богино замыг сонгосон бол таны сэтгэл хөрөхдөө тун амархан ажээ.

Сэтгэлзүйн бяцхан сорил танд өөрийгөө танихад өчүүхэн ч болов тусалсан гэж бодож байна.

.

Өөрийгөө хэрхэн амраах вэ?

2012 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Миний сэтгэл мянган бээр
Чи ядарч байна уу? Өдөр бүрийн шахуу цагийн хуваарь бидэнд үнэндээ аз жаргалтай байх завдал гаргадаггүй. Гэхдээ дараах 14 бяцхан зөвлөгөөг хэрэгжүүлснээр чи өдөр бүрийнхээ цөөн хэдэн минутыг ч болов амар тайван, дарамт шахалтгүй өнгөрөөх болно.

1. Нүүрнийхээ булчингуудыг амраа
Сэтгэл санаа түгшүүртэй, тайван бус үед бид хөмсгөө зангидаж, нүүрнийхээ бүх булчингуудыг чангалж, нүдээ хурцатгадаг. Бид өөрөө ч үүнийгээ анзаардаггүй. Тиймээс өөрийгөө тайвшруулахыг, амраахыг хүсч байвал нүүрнийхээ булчингуудыг сул тавь. Магнай тэнэгэр бай, өөртөө үрчлээ бүү нэм. Хамгийн сонин нь хөмсөгнийхөө атирааг султгаж, арьсаа хүчлэхээ больмогц сэтгэл санаа ч бас түүнийг дагаад аажмаар тайвширчихдаг. Яг л бөөгнөрч зангирсан олон бодлын зангилааг нь тайлчих шиг.

2. Толгойгоо уруу харуулж хэвт
Буйдангийнхаа ар дээр хөлөө тавиад, суудал дээр нь толгойгоо тавьж, урвуу байдлаар хэвт. Гарын татах хүчний ачаар таны толгой гүн амрах болно. Чадвал хөндлөнгөөр нь тавьж тогтоосон нарийхан төмөр дээр хөлөө тохож, толгойгоо доош харуулан зүүгд. Нэг минут л байхад хангалттай. Тэрнээс удаан хугацаанд зүүгдвэл тархи руу чинь хэт их хэмжээний цус юүлэгдэх болно.

3. Эрүүний ясыг султгах
Амаа том ангайлгачихаад буцаагаад хамхи. Энэ үйлдлээ хэд хэдэн удаа давт. Гараа зангидаж, эрүүнийхээ доор тавиад амаа ангайлга. Доод эрүүнийхээ ясыг гарынхаа нударгатай түлхэлцүүлээрэй. Хэдэн секунд бариад, сул тавь.

4. Өөрийгөө тав тухтай байлга
Өөрийгөө амраахын тулд, гутал, хөхний даруулга, бүсээ тайлаад, ээмэг бөгж, ороолтоо бүгдийг нь ав. Тэгээд өөрийнхөө биенд амар зөөлөн халаад, даавуун цамц, шаахай угла.

5. Гараа амраа
Хоёр гараа хооронд нь атгаад, бие бие лүү нь хүчтэйхэн шахаад султга. Дараа нь зүүн гараа зангидаад, баруун гарынхаа алганд атгуулж дарна. Нөгөө гараараа мөн адил ээлжилж хийнэ. Энэ нь өдөржин компьютер, эсвэл гар утас, факсны товчлуур тоншсон гарын чинь булчинг султгаж амраана.

6. Амьдрахыг хүсдэг газраа төсөөл
Орой унтахаасаа өмнө өөрийгөө үргэлж амьдрахыг хүсдэг тэр газартаа очсон байгаагаар төсөөл. Үүнийг дахин дахин, шөнө бүр хий. Энэ газрынхаа тухай төсөөллийг оюун санаандаа хадгалсан чигээрээ өглөөг угтаарай.

7. Теннисний бөмбөгөөр массаж хий
Массажны өнхрүүш байхгүй бол теннисний хоёр бөмбөгийг оймсон дотор хийгээд, түүгээрээ өөртөө иллэг хийж болно. Орон дээрээ дээшээ харж хэвтээд, нурууныхаа сээрний хоёр талд теннисний бөмбөгнүүдээ байрлуулна. Аажмаар нуруугаараа дээш, доош өнхөр.

8. Эрч хүчний уурхай-хөдөлгөөн
Хэрэв чамд амралтаас гадна, эрч хүч дутагдаад байвал найзуудтайгаа заал авч, теннис тоглож, усан бассейнд сэл. Эсвэл фитнесс клубт элс. Сэтгэл санааны байдлыг эрчимжүүлэх шилдэг арга бол биеийнхээ хөдөлгөөнийг эрчимжүүлэх гэдэг нь нотлогдсон.

9. Тэжээвэр амьтнаа эрхлүүл
Муур, нохойны үсийг илэхэд сэтгэл санаа тайвширдаг. Хэрэв асуудлыг чинь хуваалцах хэн нэгэн дэргэд чинь байхгүй байвал, тэжээвэр амьтнаа эрхлүүлэнгээ түүнтэй энэ талаар ярилц. Эсвэл зүгээр л нохойныхоо юу ч бодохгүй сүүлээ хөдөлгөж байгааг, муурныхаа гараа долоож байгааг хар. Тэдний юунд ч санаа зовдоггүй, сэтгэл амар байдлаас суралцах юм байгаа ч юм билүү?

10. Бүхнийг орхиод гар
Мессенжерээсээ гарч, утсаа унтраагаад бүхнийг хаяад яв. Чамайг бухимдуулж, шахалтанд дарамьанд оруулж байгаа орчныг орхиж гар.

11. Тэврэлт бэлэглэ
Хэн нэгнийг тэврэхэд ч бас алжаал тайлагдаж, амардаг. Учир нь тэврэлт бол бие биедээ хайр халамжийн энерги солилцож байгаа явдал юм. Зүгээр л хэн нэгэнд тэврүүлмээр санагдах үе байдаг. Дотны хүмүүсээ очиж тэврэхээс бүү санаа зов.

12. Байгаль эх хэрхэн хувисаж байгааг анзаар
Ажил руугаа явах замдаа байшин барилгын дээвэр модын мөчрийг цас хэрхэн дарсныг хар. Өвлийн тэнгэрт шувууд яаж нисэлддэгийг анзаар. Хаврын, зуны, намрын тэнгэрт ч бас. Тэд арай өөр, өөр янзаар тэнгэрийг сүлжээд байх шиг санагддаг. Хааяа дээшээ харж үүлний үүсгэсэн хэлбэрт нэр өг. Бидний эргэн тойронд байгаль хэзээд л амар амгаланг мэдрүүлэхэд бэлэн цэлийж байдаг.

13. Тайвшруулах чимээ сонс
Хэрэв танай гэрт хясаа байдаг бол, орон дээрээ хэвтээд хясааныхаа хонгиог чихэндээ наа. Харин ажил дээрээ байхдаа ч амармаар байвал www.relaxingnature.com сайт руу орж ойн мод, шувуудын, далайн давалгааны чимээг сонсоорой. Мөн www.rainymood.com, www.peacesounds.com зэрэг вебсайтууд ч чиний оюун санааг огт өөр газарт аваачих болно.

14. Өөрийгөө аз жаргалтай болгодог нэг юмыг хий
Энгийн бүхэн агуу байдаг. Нэг дөрвөлжин шоколад, ганц аяга кофе, балкон дээрээ бүжиглэх хэдэн хором, ширээнийхээ номыг дэлгээд суух хоёр минут, хүүхэдтэйгээ тоглох 5 минутын хүч чадлыг хэн ч таашгүй.

Шохоорхсон хөвгүүнтэйгээ хэрхэн дотносох вэ?

2012 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Миний сэтгэл мянган бээр
Дээд ангийн, эсвэл хажуу ширээнийхээ хөвгүүнтэй яаж илүү ойртохоо мэдэхгүй л байна уу? Дараах бяцхан сэргэлэн залиуд чамд тус болно.

1. Захирлын өрөө хаана байдгийг асуу-Харж явдаг хөвгүүнээсээ энэ жилээс шинээр орж эхэлсэн хичээл ямар ангид ордгийг асуу. Тэр чамд “Энэ хонгилоор яваад баруун тийшээгээ 20 алхам...” мэтийн юм ярьж магадгүй. Тэгвэл “Би нэг л сайн ойлгохгүй байна аа. Намайг тийшээ хүргээд өгөөч” гэж эелдэгхэнээр хэлээд, инээмсэглээрэй. Инээмсэглэл бол чиний номер нэг чимэг юм шүү. Эсвэл захирлын өрөө, захирлын туслахын өрөө, үйлчлэгч нарын өрөө, шинээр шилжиж ирсэн багшийн анги хаана байдгийг гээд юу ч асуусан болно.

2. Түүний хажууд харандаа, цаасаа унагаад авч өгөхийг хүс-Хэрэв та хоёр нэг ангид сурдаг бол энэ тун амархан байх болно. Дэргэдүүр нь өнгөрөхдөө “санаандгүйгээр” барьж явсан юмаа хажууд нь унагаарай. “Өө, олон юм барьчихсан чинь...” гэж хэлээд арай гэж бөхийх үед чинь тэр чиний харандааг шалан дээрээс авчихсан байх болно. Харц тулгарах торгон агшин. Энэ боломжийг алдав аа.

3. Хонх дуугарахын өмнө-Хөвгүүдээс ямар нэг мэддэг зүйлийнх нь талаар асуухад тэд дуртай нь аргагүй хариулдаг. Учир нь тэд өөртөө итгэлтэй байдлаа мэдрэх дуртай. Тэгвэл хонх дуугарсны дараа “Би сая багшийн хэлснийг сонсож чадсангүй. Гэрийн даалгаварт юу өгсөн бэ?” гэж асуугаарай. Хэрэв тэр санахгүй байна гэвэл, дэвтрээ харчихаад над руу орой мессеж биччихээрэй гэж хэлээд дугаараа өгсөн ч болно. Гэхдээ үүнийг ангид та хоёроос өөр хэн ч үлдээгүй үед хэлэх нь дээр.

4. Хамтын бие даалт өгөх үед-Дараагийн удаа багш чинь хоёроороо хамтарч хийх даалгавар, бие даалт өгвөл шууд түүн дээр очоод, хамт хийх үү гэж асуу. Заримдаа “ичих нүүр” гэдэг юмыг цүнхэндээ хийгээд мартчихсан нь дээр байдаг юм.

5. Нэг өдөр номоо “март”-Мэдээж орой бүр хичээлээ нямбайлан ялгаж цүнхэндээ хийдэг чи номоо мартана гэж юу байх вэ. Харин нэг өдөр албаар чухал хичээлийнхээ номыг орхиод гараарай. Тэгээд түүнээс номоо хуваалцахыг хүс. Сандлаа ойртуулаад хамт хичээлээ хий. Дараа нь “баярлалаа” гэхээ мартуузай. Чи одоо түүнд бяцхан өртэй боллоо. Үүнийгээ яаж төлөхөө мэдэж байгаа биз?

6. Түүний бодлыг дэмж-Түүнийг илтгэл, presentation тавьж дууссаных нь дараа “Би хэзээ ч энийг чиний өнцгөөс харж байгаагүй юм байна. Сайн хийжээ” гэж хэлж урамшуул.

7. Дараа нь өөрийгөө гайхуул-Түүнтэй ойр сууж байхдаа багшийн асуултанд гараа өргөж, ухаалаг хариулт өгөн түүнийг гайхшруул. Тэр чамайг ямар мундаг бас хөөрхөн болохыг хараад өөрөө ирж яриа өдөх болно.

8. Зөрж өнгөрөхдөө инээмсэглээд, бага зэрэг ичингүйр-Энэ бол охидын сонгодог сээтэгнэл. Түүний ангийхныг зөрж өнгөрөхөд нь эхлээд огт хараагүй мэт царайлж байснаа, яг түүнийг дөхөөд ирмэгц харц тулгараад инээмсэглэ. Тэр чамайг харж алмайрсандаа бүдрээд уначих вий, болгоомжтой байгаарай.

Миний худалдаж авсан нөхөр /орчуулгын өгүүллэг/

2012 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Миний сэтгэл мянган бээр
Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм...
Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрхи ямар ч бүсгүйн туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- Би ярьж эхлэхээр шийдсэн.

Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгүй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн үүдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгүй гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхүү нууцаа бичэхээр шийдсэн юм.

Би Гэнрид хайртай байсаан. Одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгөрүүлсэн амьдралынхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл ердөө л энэ. Миний амьдрал гэвэл ердөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж үзээгүй хүн нэгээхэн ч үгүй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зүрх сэтгэл гээд бүхэл хил хязгаарыг төвөггүй давж чаддаг юм билээ.

Би түүнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггүй юм. Надад угаасаа чухал ч биш. Би түүнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яаж ягаад түүнйиг хайрлаж эхэлсэн, хэрхэн түүнйиг хайрладагаа ухаарсаныгаа бол бүүр ч мэдэхгүй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань 2-хон үгнээс бүрдэж байсан: "Гэнри Стаффорд". Тэр өндөр туранхай, бас хэтэрхий үзэсгэлэнтэй хүн байлаа. Тэр маань асар их хүсэл тэмүүлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэг цагт анзаарч байсан гэж боддоггүй. Байгалиас л тэр чигээрээ төрсөн хүн байсан. Yргэлжилсэн их хүсэл мөрөөдөл түүнд бурхнаас заясан байсан юм. Гэнри миний л мэдэх хамгийн төгс төгөлдөр, ухаалаг эр. Бүхэл хамт олон даяараа түүнийг гайхан биширдэг байхад тэр бусад хүмүүсийг шоглон хөхөрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ түүнийг юу ч цочроож чадахгүй. Өөртөө шүүмжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм. Мэдээж манай жижигхэн хотын охин бүр түүн рүү хошуурдаг байлаа. Тэр хүн бүртэй нээлттэй сээтгэнэдэг байсан нь охидийг галзууруулах дөхдөг байв. Гэнригийн аав түүнд томоохон бизнес өвлүүлж орхисоныг Гэнри зовлон төвөг багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг зан, төгс тоомжиргүй байдлаараа бизнесээ эрхэлдэг байсан. Ноён Барнс- бас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа "Тэр боломжгүй залуу... Би түүний хайрлах бүсгүйд атаархана... харин түүнтэй гэрлэх бүсгүйг өрөвдөнө." гэж их л бодлогоширонгуй дуугаар надад хэлж байсан юм. Тухайн уедээ бол би ганц ноён Барнсын ч биш олон хүний атаархлыг төрүүлсэн: Гэнри Стаффорд намайг хайрласан юм. Тэгэхэд би дөнгөж 21 настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд байлаа. Би эцэг эхийнхээ үлдээсэн үзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангүй надад үлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас сайхан том цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөрөө өөрийнхөөрөө амьдарсаар бүүр дасчихсан байв.

Энэ өгүүллэгтээ би хамаг л үнэнийг хэлж байгаа учраас би өөрийгөө үзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу! Бас бусдаас илүү цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан юм. Ер нь ухаалаг хүн өөрийнхөө ухаалгийг яаж ч байсан мэддэг шүү дээ. Хүмүүс бүгд л намайг "Дэндүү сайхан ухаалаг охин" "асар их ирээдүйтэй бүсгүй" гэлцдэг байсан ч гэсэн миний өөрийнхөөрөө занд маань нэг их дуртай байгаагүй шиг санагддаг.

Би Гэнри Стаффорд-д хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зүйл бол ердөө л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ би үргэлж мэддэг байсан. Тэр маань ч үнэн байжээ. Магадгүй хүн хүнээ тэгж их хайрлаж болохгүй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэнбэ гуай ч надад тэгж хэлээд нэмэргүй болжээ, тэр миний амьдрал байсан юм байж.

Стаффорд ч надад хайртай байсаан. Бүүр чин сэтгэлээсээ. Энэ бол түүний амьдралдаа анх удаа инээлгүйгээр харсан зүйл нь байсан юм. "Би өөрийгөө хайрын өмнө ийм хүчин мөхөс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггүй байжээ" гэж тэр маань заримдаа зөөлхөн хэлдэг байв. "Чи минийх байх учиртай, Иринэ. Яагаад гэвэл би өөрийнхөө хүссэн бүгдийг авах гэж хорвоод төрсөн хүн. Харин чи бол миний хорвоогоос хүсэх цорын ганц зүйл." гээд гарын маань хурууны өндөгнөөс мөр хүртэл маань үнсэж байсныг нь би мартдаггүй юм.

Би харин түүн рүү харахдаа энэ хорвоо дээрх өөр юуг ч мэдэрч чадахаа больдог байлаа. Түүний хөдлөж байгаа нь, ааш аяг нь дуу хоолой нь гээд бүгд л намайг чичрүүлж орхидог... Yүн шиг их сэтгэлийн хөдлөл, хүсэл биед чинь нэг орчихвол хэзээ ч гардаггүй юм билээ. Сүүлчийн амисгал чинь л үүнийг төгсгөл болно. Энэ мэдрэмж чиний биеийг шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч үлдээгүй байхад ч тэр мэдрэмж бадамлан ассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхлэнэ дээ. Дэндүү их жаргал...

Би нэг өдрийг бүүр аягүй тод санаж байна. Yер усаар ямар баян байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан юм. Тэр бид 2 дүүжин даажин дээр тоглож байлаа. Бид 2 цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн 2 талд нь зогсчихсон, олсноос гараараа чанга гэгч нь атгачихсан нэг талаас нөгөө тал руу нисэх мэт савлуурдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс хачин этгээд дуу гаргаж, би бүүр амьсгалж ч чадахгүй болчихсон байсан юм. Дээшээ... Дооошоо... Дээшээ... Дооошоо... Дэрэвгэр банзал маань өвдөгнөөс ч дээш гарч нисэн байхад тэр маань "илүү хурдан, илүү хурдан" хэмээн хашгирч байлаа. "Дээшээ... Гэнри дээшээ..." гэж би хариулсан. Цамц нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хүртлээ шуучихсан тэр мааньи ямар ч үзэсгэлэнтэй харагдаж байгаав дээ...Гараараа олсноос барьчихсан түүний хөнгөн шингэн хөдөлгөөн, хүчтэй уян бие нь савлуурыг дор нь л хөдөлгөчихөж байлаа. Yс нь салхинд намираад л...

Амьсгалж ч чадахгүй, тэр хурц наранд байхдаа би өмнөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгүй байж билээ. Дараа нь хэн хэндээ юу ч хэлэгүйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа үсрэн буусан. Газарт унахдаа бид 2 гар хөлөө бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангүй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгүй тэр их галзууралтайгаар үнссэн юм. Энэ нь бидний анхны удаа үнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр үнсэлтийг хэзээ ч мартахгүй. Түүний гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж байлаа. Би түүний мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хүчтэй базсан байлаа.) түүнийгээ үнссэн. Дараа нь хүзүүг нь цамцных нь онгорхой заханд хүртэл үнссэн. Тэр үед бидний бие биендээ хэлсэн ганц л үг нь түүнээс гарсан байлаа... Зөөлхөн шивнээ... "Yүрд ийм байна гэж хэлээч...Иринэ...Yүрд".

Дараагийнх өдөр тэр ирсэнгүй. Yдэш хүртэл сэтгэлээ чилээн хүлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгүй. Харин миний зүгээс жаахан ч болов анхаарал татахыг хүсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дараах өдөр нь намайг дуудаж янзан бүрийн юмны тухай эцэс төгсгөлгүй мэт юмс ярисаар байснаа сүүлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюулд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцүү юм болсон гэж хүмүүс ярилцацгаах юм билээ.” гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бүхлээр нь сонсож билээ. Гэнри бүүр сүйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч үгүй хоосроод зогсоогүй, маш олон хүнд хувь заяа, асар их мөнгө төлөх учиртай үлдсэн байлаа. Гэхдээ энэ нь түүний буруу биш байжээ. Зүгээр л болчихсон юм байж. Хүн бүр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бүгд л түүнийг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт түүний нэр төр, ажил хэрэг, ирээдүй бүгд шалбаагт унасан юм.

Түүний компань сүйрсэн нь манай хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнриг өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. Хүмүүс Гэнриг хүндэлдэгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж. Эсвэл тэд түүнийг хүндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хүн “ Одоо тэрнийг ямар нүүр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ...

Маш олон хүмүүс намайг ч бас зүгээр байлгасангүй. “Гэнри тэр Ирэнэ Вилмэрын юунд нь болдог байнаа.” Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хүүхэн олон хүний санал бодлыг нэг өгүүлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью— манай нийгмийн тэргүүн хүмүүсийн нэг (гэм нь хүнтэй гэрлүүлэх 3 охинтой) надад “Чи цагаа олж зугаацсан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бүтэхгүй амьтан гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж байна. Паци нүүрээ будангаа хажуугаас нь “Тэгэхээр хонгор минь дараагинх нь хэн бэ?” гэх нь дуулдана.

Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө үзүүлэлгүЙ байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож, энэ сүйрэл үнэхээр Гэнри-г дахиж босч ирэхгүй болгож уу үгүй юу гэдгийг мэдэхийг л хүсч байсан. Миний хүндэлдэг нэгэн бизнесмен санамсаргүйгээр миний бүх асуултад хариулчихав. “Гэнри уг нь үнэнч шударга сайхан залуу байгаа юм” гэж тэр нэг найздаа ярьж байсныг нь би санамсаргүй сонсчихсон юм. “Гэхдээ одоо аль болох хурдан өөөрийгөө буудах л түүний нэр төрийг аварч чадах биз”. Тэгээд л би бүхнийг ойлгов. Би удаан ч бодсонгүй, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рүү хамаг хурдаараа гүйж билээ. Түүнийгээ харсан даруйдаа би өөрийн эрхгүй айн чичирсэн. Би түүнийгээ бараг л таньсангүй. Ширээн дээр сууж байгаа чулуун нүүр хөдөлгөөнгүй нүд түүнийх минь гэхэд итгэмээргүй байлаа. Сандалных нь хажуугаар түүний нэг гар нь амьгүй юм шиг унжиж хурууных нь өндөг нь үл мэдэг чичирнэ. Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгүй. Би түүн рүү очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хүчтэй татаж намайг босгоод “Гэртээ хари Ирэнэ.” гэж хүйтэн утгагүй өнгөөр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”

Амьдралын үнэ цэнэ - Сургамжит өгүүллэг

2012 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Миний сэтгэл мянган бээр
Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв. Илтгэгч "Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй" гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа. Гэтэл тэр хэлсэн нь: Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэв.

Анхны болзооны амжилтын нууц

2012 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Миний сэтгэл мянган бээр
Таалагдсан залуутайгаа анх болзохдоо дахин уулзахын тулд юу хийх ёстойг энд танд зөвлөх болно. Яаж түүний анхаарлыг өөртөө татаж, дур сонирхлыг нь өдөөх вэ. Түүнд хэрхэн ойртож, илүү танин мэдэх боломжтой вэ зэрэг асуулт анхны болзооны хамгийн чухал нь билээ.
Нэгэн хошин шогийн нэвтрүүлгээр анхны болзоондоо хамгийн анхаарал татсан гурван асуултыг тавих зөвшөөрөл олгоход эрэгтэй нь
-    Чи ямар гал тогооны өрөөтэй байхыг хүсдэг вэ? Чи ямар ордынх вэ? Чи ямар цэцгэнд дуртай вэ? гэж асууж.
Харин эмэгтэй нь
-    Банкны хадгаламжинд чинь хэдэн төгрөг байдаг вэ? Автомашин чинь ямар маркынх вэ? Аль дүүрэгт байр чинь байдаг вэ? хэмээх гурван асуултыг бэлдсэн байдаг.
Хэдийгээр энд егөөдөл орсон  ч гэсэн бүсгүйчүүд маань анхны болзоондоо ирчихээд банкны ажилтан шиг байх нь бий. Тэгэхээр зурагтаар гараад байдаг өнөөх уярам, яруу эмэгтэйчүүд устаж үгүй болсон мэт санагдалгүй яах вэ.
Иймэрхүү эд хөрөнгөний сонирхол давамгайлсан шинжтэй асуултаар булагчдаас эрчүүд түргэхэн холдохыг эрхэмлэдэг. Эсвэл өөрийнхөө сайн сайхныг магтан дуулж, хүлээн зөвшөөрүүлэхээр улайрах юм уу үгүй бол хүний нөөцийн мэргэжилтэн шиг баахан анкет бөглөх гээд дайрчихвал яалаа гэж таалагдаж, дахин уулзах хүсэлтэй үлдэх билээ дээ.
Сэтгэлзүйчдийн баталж байгаагаар бол анхны сэтгэлдэд эхний нэг минутад л бүрэлдээд тогтчихдог аж. Харин эхний минутын дараагаар тэрхүү тогтсон сэтгэгдэл нэг бол батлагддаг үгүй бол өөрчлөгддөг нь тодорхой. Гэхдээ энэ анхны сэтгэгдлийг өөрчлөх бас амаргүй ээ.
Яаж энэ эхний минутад таатай сэтгэгдэл төрүүлж, харилцаагаа цааш өргөжүүлж, урт наслуулах замд нь оруулах вэ гэдэг л гол асуудал.
Эхний зөвлөгөөгөө өгөхөд, бидэнтэй адил хүн л бидэнд таалагддаг. Ийм ижил төстэй талтай хүмүүс сэдвээ хурдан олж, ам нь амархан нийлдэг.
Бие биендээ итгэж, найдсан хүмүүс адил төстэй чанаруудтай болчих нь бий. Тэгэхээр түүнд таалагдахын тулд төстэй байх хэрэгтэй болох нь. Гэхдээ төс гэдэг нь түүний үйлдэл бүрийг сармагчин шиг дууриагаад үг бүрийг нь тоть шиг давтаад байна гэсэн үг биш. Та хоёрын дунд сонирхлын нэг цэг байж л таараа. Түүнийг нь олоод л ярих хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ нэг зүйл дээр ч гэсэн сонирхол нийлэхгүй бол тий хүнээр яах билээ дээ.
Таалагдсан хүнийхээ анхаарлыг татаж, сонирхлыг нь төрүүлэхийн сацуу цаашдаа харилцаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй эсэхийг мэдэх хэдэн арга бий.

Ярианы сэдвээ зөв сонгох
Анхны болзоон дээрх ярианы сэдэв маш чухал ач холбогдолтой. Тэр ярианы сэдвээс л та түүний сэтгэлд хүрч, сонирхолтой байх эсэх чинь мэдрэгдэнэ шүү дээ. Тэгэхээр хамгийн эрсдэл багатай хэрнээ хамгийн зөв сэдэв бол өөрийнх нь тухай ярих. Гэхдээ та энэ сэдвийг сонгосон бол түүний тухай өөрийнхөө сонирхож буй зүйлүүдийг асуух байдлаар бус өөрийнх нь хувьд юу чухал, сонирхолтой түүнийг нь л яриулах хэрэгтэй.
Тухайлбал надад сонин байна гээд л өнөөх банкны хадгаламж, ажлынх нь амжилтын тухай асуугаад байвал хэцүү.
Эмэгтэйчүүд болзоондоо нөгөө эрэгтэйгээ ажилд авах гэж байгаа удирдах ажилтан шиг төлөв байдал гаргаж, шалгуур, сорил авч буй хүн шиг аашлах нь бий. Мэдээж, заримдаа тиймэрхүү юм асуулгүй яах вэ. Гэхдээ үргэлж л түүнийг нь сураглаад байх хэрэггүй.
Итгэл үнэмшил
Хүн бүр өөрийнхөө итгэл үнэмшлийг өндрөөр үнэлж, тэр нь үнэ цэнэт зүйл нь болсон байдаг. Хэрвээ та тэрхүү хамгийн бат итгэл үнэмшилт чухал зүйлийг нь олбол түүний хувьд жинхэнэ сонирхолтой хүн болж хувирна.
Тухайбал, нямбай байх дуртай, сайн үйлст шимтдэг, амьтанд хайртай, замнал, хүсэл гэх мэт амьдралынх нь итгэл үнэмшилт зүйлийг олж мэдэх хэрэгтэй. Жишээлбэл, цаг хэрхэн баримталдгийг нь эхлээд анзаарчих. Тэр цаг барихыг эрхэмлэдэг бол “Би чамайг ойлгож байна аа. Би ч гэсэн цагаасаа хоцрох ясны дургүй” гэж хэлснээр нийтлэг сонирхлыг бий болгож чадна. Хэдийгээр энэ нь бага зүйл мэт боловч энэ нийтлэг чанар хожим их тус хүргэнэ. Ингэснээр та түүний итгэл үнэмшлийг бататгаад зогсохгүй өөрийнхөө үзэл бодлын тухай нээн хэлэх боломжийг нээж, тэр хүнийхээ сонирхлыг татна.
Та түүний үнэт зүйлсийг хичнээн их мэдэж, түүнийг нь дэмжиж, бататгаж чадна тэр тантай төдий удаан хугацаанд харилцаагаа таслах гэж огт яарахгүй болно.
Тэгэхээр та эхний болзоондоо өөрийнхөө тухай ярихдаа түүний итгэл үнэмшилтэй нийцэж буй зүйлсийг л дурьдах хэрэгтэй гэж ойлгож болох нь. Хэрвээ тэр спортоор хичээллэдэг бол өөрийнхөө сонирхдог сдртын төрлөөс дурьдаж яриад үз. Харин спортоос их хол нэгэн байвал тэр тухай дурсаад байх шаардлагагүй гэсэн үг.
Туршлага
Хоёр нягтлан бодогч юм уу эсвэл хоёр сувилагч хэл амаа амархан олдог. Мөн нэг их дээд сургуульд сурч байсан хүнтэй яриа нийлэхэд амар. Энэ нь бас л нэг адилсал, ярианы сэдэв болж хувирна. Тийм ч учраас сургууль, ажлын байранд хайр дурлал амархан үүдээд байдаг юм шүү дээ. Нэг сургуульд сурч байсан хүмүүсийн сэтгэл шаналал хүртэл ойролцоо байдаг. Энэ энгийн мэт шаналал хүртэл та хоёрыг бие биендээ итгэж найдах нийтлэг зүйлийг бий болгоно.
Ярилцагчийгаа ярьж байхад нь дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаагаа байнга мэдрүүлж, дундуур нь дэмжсэн үг хэлэж байх хэрэгтэй. Хэрвээ ийм нэгдмэл шинж чанар үүсчихээд зүйл эхэндээ үгүй байвал тийм зүйлийг бий болгох газрыг сонгох хэрэгтэй. Жишээ нь театр ч юм уу. Ямар ч байсан тунд ороод хоёуланд нь сонирхолтой, ярих хүсэл төрөхөөр тийм л газар байх хэрэгтэй. Гэхдээ сонирхолтой газар аваачна гээд шүхрээр шууд буулгах гээд дайраад байж болохгүй. Тэр өндрөөс айдаг байж болно шүү дээ.
Хамгийн гол нь тэр барьц алдаж, биеэ тэгтлээ барихааргүй харин ч их чөлөөтэй өөрийгөө нээж харуулж чадахаар тийм л газрыг та сонгох хэрэгтэй
Яриаг залах
Эхний уулзалтад хүмүүс бие биенээ таньж мэдээгүй байдаг болохоор яриа нь их хөшүүн болгоомжтой байдаг. Ийм байдлаас болоод яриа мухардалд орох нь бий.
Сонирхолгүй, улиг болсон яриаг бид өөрсдөө сонирхолтой сайхан болгоход нь заримдаа саад тавьчихдаг. Энэ нь буруу асуулт тавьж, яриаг зөв тийш залж чадахгүй байгаагийн илрэл.
Нээлттэй асуултууд чөлөөтэй хариултад хүргэдэг. Тухайлбал, яагаад, яах гэж, яаж, хэзээ гэх мэт идэвхтэй асуулт нь ийм нөлөө үзүүлнэ. Иймэрхүү нээлттэй асуулт нь яриаг сонирхолтой, түргэн эвээ олоход хүргэдэг.
Жишээгээр танд ойлгуулья л даа. Яагаад энэ машиныг сонгож авсан юм бэ? гэж асуухад хариулт мэдээж түүний олон үгнээс бүрдэх болно. Энд тэр өөрийнхөө үзэл бодлыг бүрэн илэрхийлэх ч боломжтой болж байгаа.
Гэтэл хаалттай асуулт тавьбал ердөө нэг л үгээр хариулах вий. Жишээ нь дээр өгүүлсэн машины талаархи асуултыг хаалттайгаар Энэ үнэтэй машин уу? гэж тавьж болно. Тэгвэл харилцагч тань ердөө л “Тийм” “Үгүй” гэдэг хоёр үгийн нэгийг л сонгох болов уу. Тэгэхээр асуултаа өзв тавих чухал байгаа биз.
Нээлттэй, хаалттай асуултын өөр нэг жишээг хүргэе.
-    Хуульчийн мэргэжил их сонирхолтой юм шиг санагддаг. Чи яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ? гэвэл нээлттэй асуулт болж байна. Гэтэл
-    Чамд мэргэжил чинь таалагддаг уу? гэвэл хаалттай асуулт болно.
Хаалттай асуулт нь авилаа мэдээллийг тодруулахад хэрэгтэй бол нээлттэй асуулт нь мэдээллийг чөлөөтэй хүлээн авахад хэрэгтэй юм.
Сонсож чадах
Хэрвээ таны харилцан ярилцагч их идэвхтэй яриа хөөрөөтэй, сэтгэл хөдлөлөө бас барилгүй илэрхийлдэг нэгэн бол хөшүүн, битүү хүнтэй харилцахад түүнд тун төвөгтэй байх болно.
Хүмүүс өөр шигээ л хариу үйлдэл, яриаг хүлээж байдаг. Учир нь тийм хариу хүлээн авч бай ж л өөрсдийг нь ойлгож байна гэж мэдэрдэг юм. Тиймээс хэрвээ та түүнд таалагдахыг хүсч байгаа л бол түүнтэй адил түвшинд харилцах хэрэгтэй.
Тухайлбал, их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүнтэй ярилцаж байгаа бол бодлоо хүчтэй илэрхийлж, түүнийгээ дохио зангаагаар улам баяжуулах шаардлагатай. Энэ нь түүнийг бүрэн дууриагаарай гэсэн үг биш шүү дээ. Та түүнтэй зүгээр нэг түвшинд л ая тунгаа тааруулахад хангаллтай.
Хоорондоо харилцах дуртай хүмүүсийг нэгэн шинж чанар холбож байдаг нь тэд өөрсдийгөө байнга зарлан яриад байхгүй хэрнээ харилцан ярилцагчийгаа ихэд сонирхож байгаагаа байнга мэдрүүлж байдаг явдал.
Үүнийг сайн сонсох чадвар гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, өөрөө нэг их ярихгүй хэрнээ яриаг нь сайн өдөөж өгөх чадвартай байна гэсэн үг. Энэ нь бие биендээ итгэж найдах орчинг бий болгож чаддаг.
Дор энэ чиглэлээр ашиглаж болох хэдэн аргыг бичлээ.
Давталт
Ярилцагчийнхаа үгийг дахин давтан тавих. Жишээлбэл, “За тэгвэл чи эмэгтэй хүн ажил хийх ёсгүй гэж боддог юм шив дээ?” гэж хэлснийг давтан асуусан байдлаар хэлж болно. Түүний хэлсэн сүүлчийн хэдэн үгийг асуултын хэлбэрт оруулаад эргүүлээд тавихад яриа их өргөжихийн зэрэгцээ улам ойртон дотносох боломж ихэснэ.
Үзлийг нь тоймлож хэл
Түүний ярьсан зүйлийн утгыг товчлон хариу хэлж үз. Хамгийн гол нь өөрийнхөө бодлыг бус ярилцагчийнхаа яриаг л дэмжсэн байдлаар ханд.
Шалтгааныг нь ойлгохыг хичээх
Ярилцагчийнхаа ярвсан зүйлийн шалтгаан, зорилгыг тодруулж асуух зам байж болно. Жишээлбэл, “Чи өөрөө тийм юм бодож үзээгүй болохоор тэгж хандсан юм аа даа” гэх юм уу “Магадгүй чи тэгэхийг хүсч байсан юм аа даа” гэх зэргээр өдөж, тодруулж асууж болно.
Эсрэгцүүлэх
“Чи өөрийгөө машин муу барьдаг л гээд байсан яг л мастер сайн жолооддог юм байна шүү дээ” гэх маягаар.
Тодруулах
Чи тэрийг ярихдаа яг юу гэж хэлэх гэсэн юм бэ? гэх мэт.

Дээр өгүүлсэн бүхэн анхны болзоогоор нэгэн давалгаанд автаж, түргэн хугацаанд ойлголцон дотносох боломж олгоход зориулагдлаа. Мөн та өөртөө итгэлтэй, чөлөөтэй байх нь чухлыг сануулья. Харилцан ярилцагч гэдэг бол та бидний толь л гэсэн үг. Түүний царайд инээд, бухимдал, үл ойлголцлын аль нь тодорч байна тэр таны л толинд туссан дүрс гэж ойлго. Хэрвээ харилцан ярилцагч тань өөрийнхөө хамаг сонирхол, үзэл бодол, хүслээ нээн ярьж эхэлбэл та тэрхэн даруй хамгийн үзэсгэлэнтэй бас сонирхолтой эмэгтэй болсон нь тэр гэж ойлгож болно.

Та ямар байрлалтай унтдаг вэ?

2012 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Миний сэтгэл мянган бээр

Баатар: Хоёр хөлөө жийн хажуугаараа харж унтдаг, ингэхдээ нэг хөл нь нөгөөгийнхөө дээр байна. Энэ байрлал нь идэвхтэй, шаргуу чанар, гавъяа байгуулахад бэлэн байдал, төгс төгөлдөр зүйлийн хойноос хөөцөлддөг, гэхдээ амарч чаддаггүй байдлыг харуулна.

Жижиг гариг: Дэрээ тэврэн доош харж, толгойгоо хажуу тийш болгон, хөлөө жийж унтдаг. Өдөр нь бүхнийг хянаж цагдаж байхыг эрмэлзэж жижиг сажиг зүйлд маш шаардлагатай байдаг хэдий ч, шөнө нь та таагүй сюрпризээс өөрийгөө хаацайлж байдаг нь энэ.

Гимнастикч: Хоёр гараа чихнийхээ хавьд юмуу хөдлөвчөөс барьсан юм шигээр дээшээ харж унтдаг. Та өөртөө болон амьдралд болж буй үйл явдалд сэтгэл хангалуун байдаг ч идэвхгүй нэгэн аж.

Жижигхэн хүүхэд: Ургийн сонгодог байрлал, хөлөө атийн цагираглаж, хажуу талаараа унтдаг. Ийм хүн нуугдахыг бодож байгаа мэт санагдах бөгөөд гадаад ертөнцтэй холбоо тогтоох нь дотоод сэтгэлийн маш их хүч шаарддаг, тэр өөртөө итгэлгүй, зожиг, бусдын нөлөөнд автамхай, эмзэг ирээдүйгээсээ айдаг.

Хаан: Гараа алдалж, хөлөө алцайн дээш харж унтдаг. Эрс шийдэмгийн, чиглэсэн зорилготой буюу илэрхий удирдагч хүмүүс ингэж унтдаг. Тэд тайван зантай заримдаа мугуйд, өөрийгөө маш томд боддог, өөртэйгөө зохих ёсоор харьцахыг ойр хавийнхаа хүмүүсээс шаарддаг. Хэрвээ “хаан” хоёр гараа гэдсэн дороо зөрүүлж унтдаг зуршилтай болсон бол, энэ нь эрх мэдлээ алдахаас айж байгаа юмуу эсьэл элдэв хэцүү асуудлаас өөрийгөө хаацайлахыг хүсч байдгийн шинж мөн.

Хоригдол: Хоёр өвдгөө салгаж хүлүүлсэн юм шигээр хөлөө шагай хавиараа зөрүүлэн хажуугаара унтдаг. Элдэв асуудлаар “чөдөрлүүлсэн” хүн, идэвхгүй бөгөөд өөрийнхөө шийдэмгий  бусбайдлын эрхшээлд байдаг.

Байшин: Хоёр гараараа нүүрээ тагласан. Энэ нь түгшүүртэй байдлын илрэл, хэт ядарч, стресст орсны шинэ. Унтаж байхдаа ч та тогтвортой байрлалд байхыг эрмэлзэж байгаа хэрэг.

Тогоруу: Нэг хөлөө жийж нөгөө хөлөө тэгш өнцөг үүсгэн атийж заримдаа хөлийнхөө улыг жийсэн, хөлийнхөө өвдөг доогуур оруулан, хажуу талаараа унтдаг. Энэ бол зөрчилтэй чанар, дотоод сэтгэлийн хямралын шинж. Ийм хүн идэвхгүй гэхдээ ширүүн дориун зан гаргах хандлагатай байж болно.